fbpx

Хүүхдийн хөгжил

Хүүхэд 18 сараас 3 насны хооронд  шээх баах мэдрэмжээ олж авч,  өөрийгөө илэрхийлж сурдаг.  Өөрийгөө илэрхийлэх гэдэг нь уух идэх,баах шээх,  унтах, хувцасаа өмсөх, эвхэх оролдлогыг хэлнэ. Гэтэл  шээх, баахаа илэрхийлэхгүй, хувцасаа өөрөө өмсөх гэж оролдохгүй байх нь аав, ээжүүдийн буруу хүмүүжил болно. Хүүхдийн өмнөөс шийдвэр гаргаж, өөрөөр нь сонголт хийлгэхгүйгээр  бүх зүйлийг нь хийж өгөөд байвал насанд хүрээд өөрийгөө энэ ажлыг хийж чадна гэсэн зориггүй, өөртөө эргэлздэг, хэн нэгэн хүн өмнөөс нь  бүх юмыг нь хийж,  асуудлыг нь шийдэж өгөхийг  хүлээдэг болох бөгөөд өөрөө бие даан шийдвэр гаргах чадваргүй болно. Тиймээс энэ үед нь  өмдөндөө шээж, баахгүй байгааг нь эсвэл биеэ даан хувцасаа эвхэх,өмсөх гэж оролдож буйг нь сайшаан дэмжиж байх нь зөв.

Хүүхэд орондоо шээх эмгэгийн шалтгаан нь юу байдаг вэ?

Хүүхэд орондоо шээх эмгэг нь янз бүрийн шалтгаантай байдаг. Тухайлбал: өв тэгш бус хүмүүжил буюу хойд аав, хойд ээж, хамаатны ах, эгч гэх мэт төрсөн эцэг, эхээс бусад хүмүүсийн  гар дээр өсөж хүмүүжих нь хүүхдийг дотогшоогоо, түгжигдмэл, ганцаардмал, гутранги үзэлтэй болгодог бөгөөд  хэрүүл маргаантай, хүчирхийлэлтэй,  архины хамааралтай гэр бүлийн орчинд өсөж хүмүүжих нь хүүхдийг айдас түгшилттэй болгож хар бага насны таагүй дурсамжийг бий болгодог. Энэ нь хүүхэд орондоо шээх, баах эмгэгтэй болоход,  нөлөөлөх нэг  хүчин зүйл болдог.

Хүүхдийг орондоо шээхэд нь буруутгаж,  шийтгэвэл  ямар үр дагаварт хүрч болох вэ?

Өмдөндөө болон орондоо шээж баасныг нь загнаж, шийтгэх нь хүүхдийг улам дотогшоогоо, нуугдмал, өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжээ дотроо нуух хандлагатай болгодог бөгөөд харин  сэтгэл хөдлөл мэдрэмжээ ил  гаргасан үедээ  уурлаж бухимдах, хахир хатуу, ширүүн зан гаргах байдлаар илэрхийлэх нь их байдаг. Улмаар том болоод  худлаа ярих, хулгай хийх, гадуур дэмий тэнэх гэх мэт төрх үйлийн эмгэгт хүргэж болдог.

 Хэдээс дээш насанд шөнө орондоо шээгээд байвал эмгэг гэж үзэх вэ?

Таны хүүхэд 3-аас дээш насанд  орондоо болон өмдөндөө шээж, бааж байвал эмгэг гэж үзэх бөгөөд эмчид хандах хэрэгтэй. 

X
Нэвтрэх