fbpx

Ээж, аавуудад

Хүүхэд тань хүүхэлдэйн баатрын хувцас авахуулах гэж өдөржин шөнөжин шалж байна уу? Тэгвэл өдрийн бодол, шөнийн зүүд болсон энэ хувцсыг нь авч өгөхөөсөө өмнө сайтар бодож үзээрэй.

Дийлэнх эрэгтэй хүүхдүүд Супермэн, Бэтмэн, Спайдермэн зэрэг супер баатартай хүүхэлдэйн киног үзэх, тэдний зурагтай хувцас, эд зүйлсийг нь хэрэглэх дуртай байдаг. Кинонд эдгээр баатрууд гэмгүй ардыг аварч, муу санаатнуудыг шийтгэж, хамгийн сайн хүний дүрээр дүрслэгддэг учир ийн дуурайх нь аргагүй биз.

Гэвч хүүхдүүд өндөр байшингаас үсэрч, нэг газраас нөгөө газар луу хормын төдийд шилжиж, гарнаасаа шидэт зэвсэг гарган буудах зэрэг "үлгэрийн" үзэгдлүүдийг бодит байдлаас ялгах чадваргүй байдаг. Мэдээж бүх хүүхдүүд биш л дээ. АНУ-ын "Common Sense Media" байгууллагаас хүүхэд энэ төрлийн хүүхэлдэйн кино үзэх тохиромжтой насыг 7 нас гэж тогтоосон байдаг.

Ийнхүү кинон дээрх үйл явдлыг бодит байдлаас ялгах насанд хүрээгүй бяцхан үрс маань хэтэрхий олон төрлийн хүч чадалтай баатруудын тухай кино, хүүхэлдэй зэргийг үзэхэд дарааах асуудал урган гарч ирдэг.

Кинонд баатрууд шидэт нөмрөг, тусгай хувцсаа өмсөөд шуудхан л асар их хүчтэй болж, хүмүүсийг аварч байгаагаар дүрслэгддэг учир хүүхэд ч бас тэр хувцсыг өмсөөд өөрийгөө нисэж чаддаг, бяр тэнхээтэй болчихлоо гэж боддог байна. Улмаар ор, шүүгээ, цаашлаад гэрийнхээ цонхоор үсэрч байсан харамсалтай түүхүүд зөвхөн гадны орнуудад ч гэлтгүй манай улсад ч бас бүртгэгдэж байжээ. Иймд эцэг эх та бүхэн маань хүүхдээ хэдэн насанд нь юу үзүүлэх, юу эдэлж хэрэглүүлэх тал дээр сайтар анхаараарай.

Гэвч энэхүү нийтлэлээрээ хүүхдэдээ ид шидийн, үлгэрийн кино битгий үзүүл гэж байгаа юм биш шүү. Үлгэр дуурайл авдаг баатартай байх, төсөөллөө хөгжүүлэх зэрэг нь хүүхдийн өсөлт хөгжилтийн салшгүй нэг хэсэг. Хамгийн гол нь хүүхдэдээ зөв буруу, үнэн худал, болох болохгүйг сайтар зааж зөвлөдөг, хүүхдэдээ хараа хяналт тавьдаг байх ёстой юм шүү.

Эх сурвалж: Daily Mail

X
Нэвтрэх